СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ЭМНЭЛЭГ

         Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засалтын эмнэлэг нь анх 1955 онд ясны сүрьеэгийн больницын дэргэд байгуулагдсан протез ортопедийн цехээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай туслах хэрэгслийг сонгон тохируулж, хэрэглэж заншуулах чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байлаа. Улмаар эмчилгээний нэр төрөл, боловсон хүчний хувьд чадваржсаар 2000 оноос эхлэн 15 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг нээн ажиллуулж 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдэн улсын хэмжээнд сэргээн засах төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий дэвшилтэт техник, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан эмнэлэг болтлоо өргөжин хөгжсөн.

Сэргээн засалтын эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсын хэмжээнд нас, харьяалал харгалзахгүй хүлээн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо, клиник лаборатори, багажит оношлогоонд хамруулан хөдөлмөр засал, хэл засал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ,физик эмчилгээ, дулаан эмчилгээний кабинетүүдээр өвчин эмгэг, гэмтэл, согогийн улмаас үүссэн бие эрхтний эмгэг өөрчлөлтийг сэргээн засах, хөдөлгөөн, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай туслах хэрэгсэл, хиймэл эрхтнийг тохируулан зөвлөх, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг 45 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулаториор хүргэж жилдээ 5500 үйлчлүүлэгчдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны сэргээн засалтын тусламж үйлчилгээг хүргэж байна.

 

Төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь манай сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл яриа засалч, сэтгэл зүйч, протезист, ортопедист, нийгмийн ажилтангууд хамтран баг болон ажиллаж, тухайн иргэний өвөрмөц нөхцөл байдал, өвчний онцлогт тохируулан эмчилгээний төлөвлөгөө гарган гэр бүл, хамт олныг хамруулан сэргээн засалтыг цогц байдлаар хийж гүйцэтгэдэг.

Тус төвд ихэвчлэн цусны эргэлтийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, яс булчин, холбох нэхдэсийн өвчин, гэмтэл, бэртлийн үлдэц,төрөлхийн гажиг, согог зэрэг оношийн бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээнд хамруулж байна.

Манай байгууллага нь сэргээн засалтын чиглэлээр улсын хэмжээнд ажиллаж байгаа нарийн мэргэжлийн байгууллагын хувьд хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн сэргээн засалтын тасаг кабинет, нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, мөн нөөц бололцоондоо түшиглэн сэргээн засалтын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засалтыг тасралтгүй явуулах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэр, асран хамгаалагчдыг анхан шатны мэдлэгтэй болгох гэрийн нөхцөлд сэргээн засалтыг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх цаашлаад тэднийг орон нутаг, хамт олон, нийгэмд сургагч багшийн хэмжээнд бэлтгэн, иргэдийн хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлагыг зөв төлөвшүүлэх, итгэл үнэмшлийг төрүүлэх ажлыг дамжуулан гүйцэтгүүлж байна.

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээ авах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулан 2013-2015 онуудад үе шаттайгаар нийт 4,5 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн өгч эмнэлэг, үйлдвэрийн барилга, байгууламжийг шинэчлэн төлөвлөх, нэмж өргөтгөл барих, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангалаа.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн холбогдох стандарт, норм дүрмийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бүрэн нийцэх барилга байгууламжтай болж, 273 нэр төрлийн 1601 ширхэг тоног төхөөрөмжөөр хангасан нь сэргээн засах тусламж үйлчилгээнд урьд хийгдэж байгаагүй иж бүрэн томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон хүртээмж нэмэгдэж, дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын сэргээн засах цогц тусламж үйлчилгээг эх орондоо эрүүл мэндийн даатгалаар буюу нэмэлт зардалгүйгээр хүртсэнээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеэ арчлах, нийгмийн орчинд чөлөөтэй зорчих, санал бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэж, цаашлаад ажил хөдөлмөр эрхлэн, нийгмийн баялаг бүтээгч болох болно.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Японы жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх гэрээгээр улсын хэмжээнд сэргээн засалтын тусламж үйлчилгээ үзүүлдэг 10 байгууллагад зориулан нийт 3,6 тэр бум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд тус байгууллагад 22 нэр төрлийн 69 тоног төхөөрөмж хуваарилагдан үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын гэрээгээр Баянгол дүүрэгт буцалтгүй тусламжаар баригдах “Хүүхдийн сэргээн засалт хөгжлийн төв”-ийн төлөвлөлтийн ажил 2014 оноос эхлээд амжилттай явагдаж байна. Уг төвийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлыг орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан байдлаар төлөвлөх ажлыг БНХАУ-ын зөвлөх баг хариуцан тус төвийн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэж, судалгааг явуулж бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

Манай байгууллагаас санаачлан аймаг дүүргүүдэд шинээр барих хүүхэд хөгжлийн төвийн бэлтгэл ажлыг ханган “Хүүхдийн сэргээн засалт хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS-6419-2013 стандартыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын хүрээнд бүрэн нийцсэн байдлаар боловсруулсан бөгөөд энэхүү стандартын дагуу салбар төвүүдийн зураг төсөл, төлөвлөлтүүд эхлээд байна.