СЭРГЭЭН ЗАСАХ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

          Сэргээн засах эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсын хэмжээнд нас, харьяалал харгалзахгүй хүлээн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо, клиник лаборатори, багажит оношлогоонд хамруулан хөдөлмөр засал, хэл засал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ,физик эмчилгээ, дулаан эмчилгээний кабинетүүдээр өвчин эмгэг, гэмтэл, согогийн улмаас үүссэн бие эрхтний эмгэг өөрчлөлтийг сэргээн засах, хөдөлгөөн, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай туслах хэрэгсэл, хиймэл эрхтнийг тохируулан зөвлөх, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулаториор хүргэж байна.

Сэргээн засах эмнэлгийн давуу тал

  • Сэргээн засалтын орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, тав тухтай орчинтой.
  • Европ, уламжлалт эмэн эмчилгээ, хөдөлмөр засал, хэл засал, хөдөлгөөн засал, физик эмчилгээ зэрэг сэргээн засалтын иж бүрэн тусламж үйлчилгээг багаар үзүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харьяалал, нас харгалзахгүй хүлээн авч үйлчилнэ.
  • Хэвтэн эмчлүүлэгчид 13А маягт авчрах шаардлагагүй.
  • Хэвтэн эмчлүүлэх болон амбулаториор үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалаар нэмэлт зардалгүй хамрагдана.
  • Өвчтөний гэр бүл, асран хамгаалагчдад сургалт зөвлөгөөг тогтмол өгнө.

 

Үүнд дараах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна: 

Хөдөлгөөн засал эмчилгээ​

Тулгуур эрхтэн, дээд, доод мөчний хөдөлгөөний алдагдлыг үнэлэн, бие даан суурь хөдөлгөөнийг саадгүй гүйцэтгэх чадварыг сэргээх, хадгалах, цаашлаад хоёрдогч гуравдагч хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх

 

Хөдөлмөр засал эмчилгээ

Сэтгэц, оюун ухаан, бие махбодийн эмгэгээс үүдэлтэйгээр ахуйн болон нийгмийн орчинд гүйцэтгэх өдөр тутмын үйл ажиллагааны чадвар алдагдлыг үнэлж, биеэ даах болон нийгмийн орчинд бусдын туслалцаагүйгээр оролцох чадварыг сэргээн хөгжүүлэх

  

Хэл засал эмчилгээ

Хэл, залгиур, амьсгалын замын эмгэгээс үүдэлтэй өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох зэрэг харилцааны чадвар алдагдсан хүнд бусадтай ойлголцох чадвар эзэмшүүлэх​

 

Физик эмчилгээ

Байгалын болон үүсгэмэл физик хүчин зүйлийн хүний биед үзүүлэх өвөрмөц онцлогийг ашиглан хэсэг газрын цусан хангамж сайжруулах, мэдрэлийн импульсийг өдөөх, бодисын солилцоог идэвхжүүлэх, замаар алдагдсан үйл ажиллагааг сэргээх

  

Эмэн эмчилгээ

Хүний нас, биеийн онцлог, өвчин эмгэгийн явцаас шалтгаалан Европ болон Уламжлалт анагаах ухааныг хослуулан, ололттой талуудыг сонгон эмчилгээ үйлчилгээ үзүүлэх

Бариа засал

Биеийн идэвхт цэгүүдийг цочроох замаар бодисын солилцоог идэвхжүүлэн, булчин шөрмөсний зангирлыг тавиулах, алжаал ядаргааг тайлан, бие махбодийг сэргээх

Сэргээн засах ба уламжлалт эмэн эмчилгээ

Уламжлалт анагаах ухааны таван махбодийн онолоор хүний бие махбодийг оношлон, идээ, ундаа явдал мөрөө зөв сонгон эрүүл орших зан үйлд сургах, эм, тан, эмчилгээний аргууд болох хатуу ширүүн, зөөлөн заслууд болох зүү, төөнүүр, хануур, шивүүр, самнуур, бумба, туулга амирлуулах, арилгах үйлийг өвчний үе шат, өвчтөний биеийн байдалд тохируулан эмчилж илааршуулах

 

Сувилахуйн тусламж үйлчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлага, хэрэгцээнд тохирсон найрсаг орчин, харьцаа хандлагыг төлөвшүүлэн, асаргаа сувилгааг стандарт шаардлагын дагуу хүргэх​

Та дараах өвчин эмгэгийн үед манай эмнэлэгт хандсанаар сэргээн засалтын чадварлаг баг чанартай, иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:

  • Мөч тайралт
  • Нуруу нугасны гэмтлүүд
  • Төрөлхийн болон олдмол гэмтэл согог
  • Цус харвалтын болон халдварт саагийн үлдэц
  • Бусад саа саажилтууд
  • Гэмтлийн дараах бие эрхтний өөрчлөлт, гажиг согогууд
  • Төрөл бүрийн булчин, ясны эмгэг өөрчлөлтүүд
  • Мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэгүүд
  • Мэдрэл болон гэмтлийн мэс заслын дараах үе
  • Хиймэл үе суулгах мэс заслын дараах үе

ХЭРЭГЦЭЭТ МАТЕРИАЛУУД:

  • Сэргээн засах эмнэлэгт хэвтэн эсрэг болон эмчлүүлэх өвчний жагсаалт ҮЗЭХ
  • Сэргээн засах эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх журам  ҮЗЭХ
  • Хэвтэн эмчлүүлэгсдийн анхаарах зүйл ҮЗЭХ
  • Сахиурын баримтлах журам ба эргэлтийн цагийн хуваарь ҮЗЭХ
  • Сэргээн засах эмнэлгийн иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах журам ҮЗЭХ
  • Сэргээн засах эмнэлгийн амбулаторийн цагийн хуваарь ҮЗЭХ