Ажил олгогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ

“Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье” аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль “Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2016-2021/”-ийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтын хэрэгжилтийг хангахад нөлөөлөх зорилгоор нийслэлийн 6 дүүргийн 25-аас дээш ажилтантай ажил олгогч байгууллагуудын зарим төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтад БЗД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, ЧД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Буян” ХХК, “Монмяндас” ХХК, “Ай-Эс-Ти” ХХК, “Сувд” шүдний эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв төрийн бус байгууллага, ХБИ-ийн сургалт мэдээллийн төв төрийн бус байгууллага, ЧД-ийн ХБИ-ийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд болон бусад хүмүүс оролцов.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажил олгогч байгууллагуудын эдлэх хуулиар олгогдсон эрх, үүрэг болон урамшуулал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасны давуу талууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тохирох хэрэглэгдэхүүнийг ашиглах, ажил олгогч байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах зэрэг асуудлаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Уг арга хэмжээ нь Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.
Бидний урилгыг хүлээн авч ирж, цаашид хамтран ажиллах саналыг найрсгаар хүлээн авсан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийлье!