Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд зохиогдсон “GLOBAL IT CHALLENGE-2018” тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо
2018 оны 11 сарын 08-ны өдрөөс 11-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг улсын шинэ Дели хотноо олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” тэмцээн зохиогдлоо.
“GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 24 орны нийт 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж, Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн суралцагч Болдсайхан овогтой Отгон-Эрдэнэ, Энхбаяр овогтой Уугантөр, MIU сургуулийн оюутан Алтангэрэл овогтой Лхамсүрэн, Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагч Далайцэрэн овогтой Цэнгүүн нар оролцсон юм. Тэд Ази, Номхон далайн бүсийн 24 орны тамирчидтай өрсөлдөж, өөрсдийн ур чадвараа гайхуулан Монголын тамирчин Б.Отгон-Эрдэнэ тэмцээний Ганцаарчилсан төрөл болох e-Life Map challenge-д Тэргүүн байр буюу алтан медаль, е-Tool challenge-д Дэд байр буюу мөнгөн медаль, MIU сургуулийн оюутан А.Лхамсүрэн е-Tool challenge-д Хүрэл медалийг тус тус хүртлээ. “GLOBAL IT CHALLENGE” – ОУ- ын тэмцээн нь жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд Ази Номхон далайн бүсийг хамардаг онцлогтой. Хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтэн, оюун ухааны бэрхшээлтэй 15-19 насны хүүхэд залуучууд 4 төрлөөр өрсөлддөг байна. ХБ – тэй хүүхэд залуусын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, авьяасыг сорих, дэвшилтэт технологийн хөгжлийг дагаж цаг үетэй хөл нийлүүлэн алхах боломж олгодогоороо мэргэжлийн байгууллагуудын анхаарал татсан хүлээлттэй тэмцээн юм. Эх орноо төлөөлөн олон улсын нэр хүндтэй тэмцээнээс медалийн хур буулгасан багийн нийт гишүүдэд халуун баяр хүргэхийн хамт тэднийг бэлтгэн, дадлагажуулж ажилласан мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн /МБУЧОС/-ийн багш Л.Отгон түүнчлэн СЗСҮТ-ийн нийт хамт олондоо талархал дэвшүүлье.
Монголын тамирчид тус тэмцээнд оролцохын тулд эх орондоо зохиогдсон “Мэдээллийн технологийн сорил-Монгол-2018” улсын уралдаанаас шалгарч, ялагчид болцгоосон юм. Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв Ази, номхон далайн бүс нутаг дах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ” Инчеоны стратегийн Зорилгод нийцүүлэн “Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд 2018 оны 05 сарын 17-18-ний өдрүүдэд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээллийн технологийн сорил-Монгол-2018” улсын уралдааныг 2 дах жилдээ зохиосон билээ.