Багахангай дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүллээ
СЗСҮТ-ийн эмч, мэргэжилтэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн Багахангай дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн урилгаар тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд болон өндөр настанд сэргээн засалтын эрүүл мэнд, протез ортопедийн засвар үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх хууль эрх зүйн мэдээ мэдээллийг өгч ажиллаа.
СЗСҮТ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Уранчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хууль эрх зүйн мэдээлэл” болон “байгууллагын танилцуулга”, МБУЧОС-ийн хөдөлмөр зуучлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ундрал “Тусгай хэрэгцээт боловсрол болон тэгш хямдруулалт”, Сэтгэл зүйч Г.Энхбаяр “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага” сэдвүүдээр дүүргийн ГБХЗХХ-ийн ажилтан албан хаагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 32 хүнд мэдээлэл өгсөн.
Тус ажлын хүрээнд сэргээн засалтын эмчийн үзлэг, зөвлөгөөг нийт 33 хүнд, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал , хэл заслын чиглэлээр үзлэг үнэлгээ хийн мэргэжил арга зүйн зөвлөгөөг 10 хүүхдэд, Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг нийт 9 хүнд өгч ажилласан. Протез, ортопедийн үзлэгээр нийт 19 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж үзүүлснээс протез, ортопед зайлшгүй шаардлагатай эрх нь үүссэн 7 иргэнийг тодорхойлон хэмжээг авч захиалгын нэхэмжлэхийг дүүргийн халамжийн хэлтэст хүргүүлсэн. Багахангай дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт давхардсан тоогоор 103 хүнд сэргээн засалтын үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Цаашид дүүргийн ГБХЗХХ нь СЗСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн нарийн шинжилгээ оношлогоо, дотор болон эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авах зэргээр ажиллах саналаа уламжилсан юм.