“Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжиж, ялгаварлан гадуурхалтыг бууруулъя” цуврал сургалт амжилттай зохион байгуулагдлаа
admin    

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, СЗСҮТөв хамтран Сонсголгүй эмэгтэйчүүдэд зориулсан “Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжиж, ялгаварлан гадуурхалтыг бууруулъя” сэдвээр цуврал сургалтыг уулзалт хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалт нь СЗСҮТөвийн байранд 2017 оны 01 дүгээр сарын 10,17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдэнд шаардлагатай байгаа бүхий л тусламж үйлчилгээ, сургалт, мэдээлэл зэргийг тодруулах зорилготой байлаа.

Энэ удаагийн уулзалт, сургалтад:

  • Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ
  • Дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар
  • Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэтгэлэг олгох хөтөлбөрийн ажилтнууд
  • СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн багш, албан хаагчид,
  • Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн сонсголын бэрхшээлтэй суралцагчид
  • Сонсголын бэрхшээлтэй 20 эмэгтэй, нийт 30 хүн оролцлоо.

Уулзалтын явцад сургалтад хамрагдсан сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдээс 56 асуултаар судалгаа авсан ба Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв нь уг судалгааг 100-аас доошгүй сонсголын бэрхшээлтэй эмэгтэйгээс авах зорилготой юм. Судалгааны ажлыг Монголын Эмэгтэйчүүдийн сан санхүүжүүлж байгаа бөгөөд нийт 3 сарын хугацаанд үргэлжилж, дүнг 2017.03.08-ны өдөр тайлагнах юм.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн тодорхой хэсэг нь бичиг үсгийн боловсрол багатай, хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүдийн хувьд эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, дохионы болон бичгийн хэл эзэмшээгүй бэрхшээлүүд гарч байсан учир хүн нэг бүртэй дохионы хэлээр, бичгээр болон зурган тайлбар хэрэглэх зэргээр тухайн хүний онцлогт тохируулан тайлбарлан, ярилцаж байлаа. Сургалт, уулзалтад хамрагдсан бүсгүйчүүд эрх зүйн тодорхой хэмжээний ойлголттой болсон, шинэ дохионы үг сурсан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хоорондоо мэдээлэл солилцож чадсан нь энэхүү сургалтын гол ач холбогдол, өгөөж байлаа.

СБИ-ийн Соёлын Төв болон тэдэнтэй хамтрагч бусад байгууллагуудын зүгээс, дараа дараагийн сургалтуудыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.