Казахстан улстай нийгмийн хамгааллын салбарт хамтрах хэлэлцээрийн төслийн уулзалт өндөрлөв
Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Казахстаны нийслэл Астана хотноо болсон Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техник болон соёлын хамтын ажиллагааны Комиссын VII хуралдааны протоколын биелэлтийг хангах, хоёр улсад ажилласан иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Монгол Улс, БНКазУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх II дахь шатны хэлэлцээг энэ сарын 17-19-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хэлэлцээнд Монголын талаас ХНХЯ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул тэргүүтэй ХНХЯ, НДЕГ-ын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн баг оролцсон бол БНКаУ-аас ирсэн Ажлын хэсгийг Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгаалал болон нийгмийн даатгалын газрын даргын орлогч А.Ш.Мусина ахалсан. Хоёр улсаас томилогдсон ажлын хэсэг гурван өдрийн турш хуралдаад хэлэлцээрт Казахстаны талаас эв санааны (хөдөлмөрийн) өндөр насны тэтгэвэр болон хуримтлалын тэтгэвэр, Монголын талаас нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр болон нэрийн данснаас олгох өндөр насны тэтгэврийг тус тус хамруулахаар тохиролцов. Мөн талууд 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хоёр улсын нутаг дэвсгэр дээр ажилласан хугацааг нэгтгэн өөрсдийн хууль тогтоомжийн дагуу тэтгэврийг тооцож олгох, 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрөөс хойш энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны тогтоосон тэтгэврийг дахин тооцох, 1991- 2017 оны хугацаанд нэг улсаас нөгөө улсад байнга оршин суухаар ирсэн иргэдийн /төрсөн он сар өдөр, хүйс, статусын/ мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор харилцан солилцохоор боллоо. Хэлэлцэн тохиролцсоны дагуу Монголын тал хэлэлцээрийн төслийн саналыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор хүргүүлэх бөгөөд төслийг хэлэлцэх хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тохиролцоонд хүрэв. Ажлын хэсгийн дараагийн уулзалтыг 2019 онд хийхээр товлоод хугацаа, зохион байгуулах газрыг дипломат шугамаар харилцан тохиролцохоор боллоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх II дахь техникийн шатны хэлэлцээг Улаанбаатар хотноо 2018 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд хийсэн тухай Хэлэлцээний протокол үйлдэж, Монгол Улсын ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгаалал болон нийгмийн даатгалын газрын даргын орлогч А.Ш.Мусина нар хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулав хэмээн ХНХЯ-ны албан ёсны Веб сайтад нийтлэгджээ.