Ототакэ хиротада Монголд
Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ототакэ Хиротада Монголд хүрэлцэн ирж “Амьдрал ямар сайхан гээч…” номын нээлтээ “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Энэ эрхмийг Монголд айлчлахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв дэмжиж, хамтран ажиллаа.
Номын нээлтийн арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дэд дарга Т.Мөнх-Очир нар оролцож, баяр хүргэлээ.
Ототакэ Хиротада Японд төдийгүй дэлхийн бусад оронд өөрийн туулж босгосон амьдрал, төрөлхийн дөрвөн мөчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохиолдох хэцүү бэрхийг хэрхэн шийдвэрлэж чадсан, энгийн бидний хийж бүтээх их үйлсэд ч өөрийн хувь нэмрээ оруулж байгаа түүний намтар, түүхтэй танилцах боломжийг олгосон юм.
Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд бага сургуулиас эхлээд анд нөхөд, хүрээлэн буй орчин нь хэрхэн нээлттэй хандаж буйг харуулах тус ном нь олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, Японд 6 саяас дээш хувь хэвлэгдэн бестселлер болсон байна.
Ототакэ Хиротада 1976 оны 04 сарын 16-нд Токио хотод төрсөн. Японы алдартай Васэдагийн их сургуулийн оюутан байхдаа бичсэн “Мөчгүй миний амьдрал” нэртэй өөрийн намтар бүхий ном нь зөвхөн Япон улс төдийгүй гадаадын олон хэл дээр хэвлэгдсэн байна.
Тэрээр 2005 оны 04 дүгээр сараас Токио хотын Шинжүкү дүүргийн боловсрол, хүмүүжлийн байнгын хорооны орон тооны бус ажилтнаар ажиллаж байхдаа “Хүүхдийн амьдралын сурган” нэртэй хүмүүжлийн аян эхлүүлж, Акибоши Их сургуулийн эчнээ ангид суралцан бага сургуулийн багш мэргэжилтэй болжээ. 2007 оны 04 дүгээр сараас 2010 оны 04 дүгээр сар хүртэл Сугинами дүүргийн 04 дүгээр бага сургуульд багшаар ажиллаж 3-4 дүгээр ангиудыг дааж байв. Одоо мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сурган хүмүүжлийн талбарт олж авсан мэдлэг, туршлагаа олон нийтэд түгээх ажил хийхийн зэрэгцээ Токио хотын боловсрол, хүмүүжлийн байнгын хороонд жинхэнэ орон тооны ажилтан, 2014 оны 04 дүгээр сард бүс нутгуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор хог цэвэрлэх “Green bird Shinjuku” төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна.
Ийнхүү өөрийн ажил амьдралын туршлагаас сэдэвлэсэн “Амьдрал ямар сайхан гээч…” лекцийг Тусгаар тогтнолын ордонд 10-р сарын 01-ний 19:00 цагаас үнэ төлбөргүй зохион байгууллаа.
Түүний нийгмийн соён гэгээрүүлэгч, байлдан дагуулагч, бас илтгэх ур чадвартай, маш ухаалаг хүн гэдэг нь ярьж байгаа үг бүхнээс мэдрэгдэж байв.
Энэхүү лекцээрээ олон хүний сормуусыг норгож, зарим зүйлийг хошигнон ярьж инээд бэлэглэж байлаа.