Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэрлэсэн.
Энэхүү баярын өдрийг тохиолдуулан ХАХНХЯ-аас нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр нийгмийн хамгааллын салбарын талаарх мэдээ, мэдээлэл өгөх, салбарын үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар болон Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв оролцлоо.
Уг арга хэмжээнд “Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв”-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнх-Очир, Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга С.Баярбат, Сэргээн засалтын эмнэлгийн дарга З.Наранбаатар, Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Түвшинжаргал нараар ахлуулсан баг, хамт олон төвийн үндсэн үйл ажиллагааг танилцуулж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний талаар танилцуулга, зөвлөмжүүдийг олон нийтэд хүргэлээ. Мөн сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэр, боловсролын сэргээн засалтын талаар мэргэжлийн зөвлөгөө болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг 180 орчим иргэдэд үзүүллээ.
Энэ арга хэмжээний үеэр СЗХҮТ-өөс ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлийн талаар миний бодол” эссэ бичлэг, “Би найздаа тусалж чадна” гар зургийн үндэсний хэмжээний уралдаанд байр эзэлсэн 17 оролцогчдын шагналыг гардууллаа.