С.Чинзориг: Мэргэшсэн чадварлаг боловсон хүчний бодлого хэрэгжүүлж чадсан улс орон хөгждөг
admin    

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг энэ сарын 18-19-нд зохион байгууллаа. Үндэсний хэмжээнд зохион байгуулсан уг зөвлөгөөний эхний өдрийн арга хэмжээ Налайх дүүрэгт болсон бөгөөд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлсийн талаар илтгэл тавьж, салбар хуралдаануудаар мэргэжлийн боловсрол сургалтын салбарт нийгмийн түншлэлийн оролцоог хэрхэн хангах болон салбарын санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн.

Салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудлыг өнөөдөр Төрийн ордонд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш сурагчид, судлаач эрдэмтэд, ажил олгогч нийгмийн түншүүд болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч 1000 шахам хүний оролцоотойгоор үргэлжлүүлэн ярилцлаа.

Зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээснийг Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар танилцуулсан. Мэндчилгээнд “Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, чадварлаг монгол хүн манай эх орны бахархал бөгөөд үнэт зүйл байх ёстой төдийгүй улс орны минь тусгаар тогтнолын баталгаа юм. Төрийн ордонд хуран чуулж буй та бүхэн орчин цагийн техник технологийг гардан эзэмшсэн, зөв хандлага, зөв харилцаатай мэргэжилтэй, чадварлаг, бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэх үүрэгтэй хүмүүс юм. Иймээс манай улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хэрэгцээтэй байгаа мэргэжилтэй чадварлаг ажилтныг бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн онцлоод Засгийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарахын хамт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэсэн юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсыг байгалийн нөөцөд бус, хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн замд шилжүүлэх нь цаашдын гол зорилт хэмээгээд үүний тулд бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг хөгжлийн төлөвлөлтийн суурь зарчим болгох ёстойг хэлсэн. Тэрбээр мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, бүс нутгийн хөгжлийн онцлог, багшлах боловсон хүчин,  сургуулийн чадавхад тулгуурлан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлж өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, Мэргэшлийн төвшний үндэсний хүрээг бүрдүүлж, төлөвшүүлэх нь зөвхөн мэргэжлийн боловсрол сургалт, хөдөлмөрийн салбарын төдийгүй үндэсний хэмжээнд шийдвэрлэж иргэн албан болон албан бус боловсролын хүрээнд эзэмшсэн ур чадвар, мэргэжлээрээ хөдөлмөрийн зах зээлд тохирсон ажил алба эрхлэх боломжийг бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд хийх ёстой хэмээсэн. Түүнчлэн Мэргэжлийн боловсрол сургалтад дэвшилтэт техник технологи, оюуны өмч, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих зэрэг үйл ажиллагаануудыг онцгой анхаарах шаардлагатайг ч хэлж байгаа.

“Ажилсаг монгол” үндэсний хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаараа бахархахаас илүү дэлхий нийтийн хөгжилд хэрхэн яаж хөл нийлүүлэн алхах вэ гэдгээ зөвлөлдөн ярилахаар та бид цуглаад байна. Өргөн уудам нутагтай, байгалийн асар их баялагтай, байгалиас заяасан оюуны асар их чадвартай гурван сая монгол хүнд байгальтайгаа зохицон амьдарч, хүнд хүчрийг ажилсаг чадвараараа даван туулж ирсэн хэрнэ ээ яагаад ийм амьдарч байна вэ гэдгээ бодох ёстой” хэмээн хөтөлбөр санаачлах шалтгаанаа тайлбарласан.

Зөвлөгөөний үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан. Тэрбээр илтгэлдээ мэргэжлийн боловсрол, мэргэшсэн чадварлаг боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлж чадсан улс орон хөгжиж байгааг онцлоод мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрийн соёлтой, ажилсаг монгол хүний төлөө тал талаасаа нэгдэх, ажил үйлсээ уялдуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай цаг үе ирснийг тэмдэглэж олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог шаардлагыг харгалзан мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдалд бодитой дүгнэлт хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөвлөлдөхийн чухлыг онцолсон юм. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх асуудлыг дэлхийн улс орнууд бодлогынхоо тэргүүлэх төвшинд тавьдаг. Шинжлэх ухаан, техник, технологийн өндөр хурдацтай хөгжил, даяаршсан, нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн өнөөгийн нөхцөлд мэргэжлийн боловсрол, сургалтын талаар анхаарах асуудлууд цөөнгүй байгааг ч тэрбээр мөн дурдсан.

Сайдын илтгэлийн дараа зөвлөгөөнд оролцогчид төрийн бодлогод зайлшгүй тусгах шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн энэ өдөр Германы туршлага дээр үндэслэн МБС-ын амжилтын хүчин зүйлсийн талаар ХБНГУ-ын Холбооны мэргэжлийн боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хамтын ажиллагааны дэд дарга Петер Рейхманн, Германы мэргэжлийн боловсрол, сургалтын  туршлагаас ХБНГУын “Папенбург” компанийн дадлагажигч оюутан Д.Норовсүрэн нар сонирхолтой илтгэл тавьсан хэмээн ХНХЯ-ны албан ёсны Веб сайтад нийтлэгджээ.