“Хамтдаа хайрлая” гэр бүлийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
admin    

СЗСҮТ-өөс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийн дунд “Хамтдаа хайрлая” өдөрлөгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт: ХНХЯ-ны ХБИ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, УБ хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн ерөнхий менежер Иший Тэцүяа нар бидний урилгаар хүрэлцэн ирж, үг хэлж, нээлтийн арга хэмжээг эхлүүлсэн.

Мөн эцэг, эхийн төлөөлөл болж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гишүүн Ж.Алтантүлхүүр өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид болон эцэг, эхчүүдэд өөрийн сайн туршлагаасаа хуваалцаж, урам зориг, итгэл, эрч хүч хайрласан юм.

Тус өдөрлөгөөр нийт 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдэд чих хамар хоолой, шүдний үзлэг оношлогоо, сэргээн засах эмнэлгийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна. Мөн 7 иргэний тэргэнцрийн материал хүлээн авч, 5 иргэнд тэргэнцэр үнэ төлбөргүй тараасан. Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургалтад нийт 7 хүүхдийг шинээр бүртгэн ирэх 09 дүгээр сараас эхлэн сургалтад хамруулахаар болсон байна. Нийт 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг, эхэд холбогдох хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаа.

Дээрх үйл ажиллагаа, үйлчилгээг хүргэхэд бидэнтэй   “Сүүн шүдхэн” хүүхдийн шүдний эмнэлэг, “ЭМЖЖ”, “Мон-Анир” чих хамар хоолойн эмнэлэг болон Монос группийн хамт олон хүүхдүүд, эцэг эхчүүдэд багц витамин тарааж хамтран ажилласан. Мөн 29-р тусгай сургуулийн сурагчид болон Төвийн оюутнууд ирсэн зочид төлөөлөгчдөд урлагийн тоглолт үзүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Тус өдөрлөгийн үеэр ажил хөдөлмөрөөрөө манлайлж, үлгэр жишээ болсон сайн гэр бүлийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж нийт 5 гэр бүлийг шагнан урамшуулсан.  Үүнд: Оюунлаг гэр бүлээр Х.Цогтбаатарын гэр бүл, Хөдөлмөрч гэр бүлээр СЗСҮТ-ийн Д.Батсайханы гэр бүл, Бүтээлч гэр бүлээр Б.Хатанбаатарын гэр бүл, Хүмүүнлэг гэр бүлээр Д.Мөнхжаргалын гэр бүл, Шилдэг залуу гэр бүлээр Ө.Мөнхтулгын гэр бүлийг тус тус шалгаруулан, өргөмжлөл гардууллаа.

СЗСҮТөв нь шинээр “Хүүхэд эцэг, эхийг хөгжүүлэх төв”-ийг байгуулж, нээлтийн ажиллагааг хийж өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөдөө танилцуулсан. Тус “Хүүхэд эцэг, эхийг хөгжүүлэх төв”-ийг СЗСҮТ-ийн ажилтан, албан хаагчдын санаачлагаар, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тохижуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ээж, аавуудад /хүүхэдтэйгээ хамт/ эрүүл мэндийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалт мэдээлэл хийх, тэдгээр хүмүүс зовлон жаргалаа хуваалцаж сайн туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан ба цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах юм.

Өдөрлөгийн үйл ажиллагааг явуулахад болон бидэнтэй хамтран ажиллаж үйлчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлсэн дээрх байгууллагууд болон өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, хүүхдүүд, иргэддээ талархал дэвшүүлье.