ХБИ-ийн сонгох, сонгогдох эрхийг хангахад Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллахаар боллоо
ХАХНХЯ-ны ХБИХХ-ийн дарга Т.Батдулам, СЗХҮТ-ийн дарга Т.Мөнх-Очир, МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан нар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай уулзалт хийлээ. Уулзалтаар ХБИ-ийг сонгуульд оролцох эрхийг хангах, хүртээмжийг сайжруулах, улс төрийн болон шийдвэр гаргах явцад оролцох бүхий л боломжийг бүрдүүлэх талаар санал, бодлоо солилцлоо.
Сонгуулийн ерөнхий хороо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах үүднээс сонгууль өгөх журам, байрны орц, гарц, саналын хуудас зэргийг хүртээмжтэй болгох, сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.
Уузалтын үр дүнд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах 21 аймаг 9 дүүргийн Сонгуулийн Хэсгийн хорооны дарга нарын сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд оролцох эрхийг хангах талаар оруулах боллоо.
Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулах, тэдний сонгуулийн боловсролыг дээшлүүлэх замаар сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.