“Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” сэдэвт олон улсын семинар амжилттай боллоо
ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувиллын болон үйлдвэр уул уурхайн эмч холбогдох мэргэжилтнүүд болон БНСУ, Нидерланд улсын эрдэмтэн докторууд химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөлөл, урьдчилан сэргийлэх асуудлаар бүтэн өдрийн турш хэлэлцлээ.
Тус арга хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” сэдвийн дор хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Онцолж хэлэхэд семинарын арга хэмжээнд БНСУ-ын КОША-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн судалгааны институтийн ахлах судлаач доктор Кёнг Ин Ли, болон Нидерланд улсын эмч, Херман Спанжаард нар оролцож химийн хорт бодисын нөлөөллийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, өөрийн орны туршлагыг хуваалцлаа.
Манай улсад аж үйлдвэрлэл, геологи, уул уурхай, барилга зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр химийн бодисын хэрэглээ ихсэж, түүний сөрөг нөлөөлөлд өртөх аюул нэмэгдсээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй.
Мөн ХАБЭМТөваас сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 9931 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэх судалгаа гарчээ. Тиймээс тус төвийн хамт олон химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг зорьж энэхүү семинарыг зохион байгуулжээ.
Арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат семинарын үйл ажиллагаа амжилттай болсныг онцлон тэмдэглээд ирэх жил мөн тодорхой сэдвийн хүрээнд олон улсын семинарыг зохион байгуулахад анхаарч ажиллана гэлээ хэмээн ХНХЯ-ны албан ёсны Веб сайтад нийтлэгджээ.