ХНХ-ын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр…
УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдад өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн … оны тооллого”-ын бүртгэл, лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай байгаа аж. Иргэн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон тул дээр дурдсан лавлагаа, бүртгэлийг хуульд оруулах шаардлага гарсан байна. Энэ асуудлыг хуульд тусаагүйгээс нийгмийн даатгалын байцаагч хуульд заагаагүй баримт бичгийг малчдаас шаардах, улмаар хууль зөрчих нөхцөл үүсэх болжээ. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулж малчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй, тодорхой болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан.
Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хуулийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлага үүссэн юм хэмээн ХНХ-ын сайд С.Чинзоригийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.
Бичлэг үзэх