“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей”

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл урлаг, танин мэдэхүйн арга хэмжээг хүртээмжтэй хүргэх, музейн үйлчилгээний ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Уг арга хэмжээгээр манай төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутан залууст музейн үзмэр үзүүлэн, тулгарч буй орчны саад бэрхшээлийг нь тодорхойлсны үндсэн дээр Богд хааны ордон музейн ажилтан, албан хаагчид болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад музейн ажилтнууд, Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнуудыг хамруулсан сургалт, уулзалтыг зохион явууллаа.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон зай, орчны стандарт, хүртээмжтэй дэд бүтцийн асуудлаар мэдээлэл хийж, ярилцлаа.
Бидэнтэй хамтран ажилласан Богд хааны ордон музейн хамт олон, удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлье.