Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай боллоо
Засгийн газрын өнөөдөр /2018-08-15/-ийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа. Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг мөн хариуцах юм хэмээн ХНХ-ын сайд С.Чинзоригийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.