Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдэхээр боллоо
Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2018-08-23/ тус улсын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж төслийн талаар санал солилцсон юм.
Тус төв Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд 21 аймаг, нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, физик эмчилгээний кабинет, фитнесс, эмчилгээний усан сан, 2502 хүүхдийг хэвтүүлж эмчлэх ортой байх юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж зэрэг бүхий л асуудлыг дээрх буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр тогтсон бөгөөд 250 ортой тус төвийн барилга угсралтын ажил 2016 оны есдүгээр сард эхэлсэн, одоогоор ажлын явц 80 хувьтай байгаа төдийгүй гэрээний хугацаанаас өмнө буюу 2019 оны хоёрдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгааг гүйцэтгэгч компанийнхан танилцуулсан.
С.Чинзориг сайд БНХАУ-ын Засгийн газраас Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан оношилгоо, эмчилгээний цогц төв байгуулж өгч буйд талархал илэрхийлээд төвийн дагалдах бүтээн байгуулалтын төслийн нэмэлт гэрээг эцэслэх нэн шаардлагатай байгааг Ван И сайдад дуулгалаа. Тухайлбал, төвийн гол орц гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барих, ногоон байгууламж болон автомат усалгааны системийг иж бүрнээр шийдэх, 1200 м2 талбайд хүүхдийн спортын талбай байгуулах, хашаа, хаягжуулалт, гэрэлтүүлэг хийхээс гадна 155 нэр төрлийн эмнэлэг, сувилгааны тоног төхөөрөмжийг нэмж авах шаардлагатай байгаа аж.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургах, дадлагажуулах ажлыг одооноос хийх хэрэгтэй байгааг С.Чинзориг сайд хэлээд дэмжлэг хүссэн юм. Ван И сайд манай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тавьсан саналыг нэн яаралтай шийдэх үүргийг айлчлалын багт яваа БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд болон Монголд суугаа Элчин сайд нарт өгсөн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг иж бүрнээр нь явуулах улсын хэмжээний цогцолбор төв саяхан байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд ажиллах бөгөөд эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг БНХАУ, ХБНГУ, АНУ-аас нийлүүлэх юм байна хэмээн ХНХЯ-ны албан ёсны Веб сайтад нийтлэгджээ.