“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн нэмэлт туслалцааны талаар уулзалт хийлээ
admin    

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ийн Засгийн газар хоорондын солилцох захидал болон ХНХЯ-тай байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барих ажлыг 2016 оны 09-р сарын 08 өдөр эхлүүлсэн билээ.

Төвийн барилгыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 60 хувьтай явагдаж байна. Барилгын ажлыг 2018 оны 4-р улиралд бүрэн дуусах ба Монголын талд 2019 оны 1-р улиралд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Төслийн хүрээнд тус төвийн барилга, байгууламжаас гадна техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлыг цогцоор нь шийдвэрлэж санхүүжүүлэхээр БНХАУ-ын судалгааны баг Монгол улсад ажиллаж байгаа бөгөөд одоогоор нэмэлт туслалцааны гэрээтэй танилцаж, судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Судалгааны ажлын хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 05-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын судалгааны баг, тус төслийн Монгол талын ажлын хэсэгтэй уулзалт хийж гадаад тохижилт, ногоон байгууламж, нэмэлт тоног төхөөрөмж, хаяглалт, хүний нөөцийг суралцуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхөөр талууд тохиролцлоо.