Шведийн Вант Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах санал тавив
admin    

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг Шведийн вант улсад айлчилж тус улстай “Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах” асуудлаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Шведийн Вант Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны талаар товч танилцуулгыг Монголын төлөөлөгчдөд зориулан хийсэн юм. Тус улс 10 сая хүн амтай, газар нутгийн хувьд Монголоос гурав дахин бага хэдий ч Баруун Европт газар нутгийн хэмжээгээрээ гуравдугаарт ордог. Тус улс засаг захиргааны гурван түвшинтэй. Эхнийх нь үндэсний буюу яам, бүсийн түвшинд ихэвчлэн эрүүл мэндийн үйлчилгээг хариуцан хүргэдэг бол орон нутгийн түвшинд нийгмийн үйлчилгээ, ахмад настанд чиглэсэн үйл ажиллагааг хариуцдаг. Нийгмийн хамгааллын асуудлыг үндэсний түвшинд авч үздэг бөгөөд нийгмийн хамгаалал болон тэтгэврийн санхүүжилт нь ажил олгогчийн болон өндөр орлоготой иргэдийн төлдөг татвараас бүрддэг. Нийгмийн халамж, ахмад настны халамж болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь орон нутгийн татвараас санхүүждэг аж.

Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь нийгмийн халамж, хамгаалал, даатгал, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээ, спорт, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, жендэрийн тэгш байдал зэрэг олон асуудлыг хариуцдаг учраас улсын төсвийн нэлээд том хувь уг яамтай холбоотой байдаг. Яам нь 200 гаруй албан хаагчтай, дийлэнх нь төрийн албан хаагч. Яамны харьяанд 19 агентлаг үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо гэхэд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт л хамаарахаас бусад албан хаагчдад төдийлөн нөлөө үзүүлдэггүй, харьцангуй тогтвортой байдаг хэмээн танилцуулсан.

Танилцуулгын дараа дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн нэг нь монголчууд олноор ажиллаж, амьдардаг улс орнуудтай “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулдаг гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас ОХУ, БНУУ, БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх талаар харилцан тохиролцож буй талаар танилцуулсан. Мөн Польш, Турктэй нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улстай шинэчлэн байгуулах, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах зэрэг асуудал хэлэлцээний түвшинд ажиллаж байна. Монгол иргэд АНУ-д төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэгтгэн тооцох асуудлаар тухайн улстай хэлэлцээ хийн ажиллаж байгаа юм байна.

Дэд сайд тус улстай “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах шаардлагын талаар “Бидний судалгаагаар Шведийн Вант Улсад 5000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэд жижиг, дунд бизнес эрхлэн, тогтвор суурьшилтай ажиллаж, танай улсын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол хугацаанд төлсөөр ирсэн тул эх орондоо буцах үедээ тэтгэврээ тогтоолгох, Монгол ба Швед улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг байнга гаргадаг. Иймд Шведийн вант улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар манай хоёр орны иргэд эх орондоо буцах тохиолдолд, хоёр улсын хооронд тэтгэврийг харилцан шилжүүлэх боломж бүрдэж, иргэд тэгш эрх эдлэх болно. Иймээс бид Шведийн Вант Улстай нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах саналыг албан ёсоор тавьж байгаа юм” гэлээ.

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны талаар ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул танилцуулсны дараа Дэд сайд С.Мөнгөнчимэг тус улстай байгуулах “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн төслийг Финландын талд гардуулан өгөв.

Манай улсаас санал болгож буй “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн төслийг хүлээж авсан Шведийн талын төлөөлөл өөрийн нийгмийн хамгааллын тогтолцооны талаар танилцуулсан. Тус улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь Шведэд хөдөлмөр эрхлэн байнга оршин суудаг хүмүүсийг хамардаг бөгөөд орлогоос хамаарч олон төрлийн тэтгэмж олгодог аж. Түүнчлэн ажилгүйдэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс бусад нийгмийн хамгааллын үйлчилгээний төрлүүд нэг схемд багтаж ажилтнаас ажил олгогчтой холбоотой бүхий л харилцааг зохицуулдаг юм байна.

Шведийн Эрүүл мэнд, нийгмийн хэргийн яамны Нийгмийн хамгааллын газрын ахлах зөвлөх Малин Скарингэр “Манай орон бусад улстай хийх худалдаа болон шилжилт хөдөлгөөнөөс ихээхэн хамаардаг жижиг орон юм. Маш олон цагаач иргэнтэй. Тиймээс нийгмийн хамгааллын схемээ маш зөв зохион байгуулах шаардлагатай байдаг. Нийгмийн халамжийн тогтолцоонд хамрагдахад бид ямар нэг шаардлага тавьдаггүй. Хэрэв хэн нэгэн манайд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн л бол тухайн хүн орлогод суурилсан тэтгэвэр авах эрхтэй болно. Манай тэтгэврийн тогтолцоо нь орлогод суурилсан ба байнга оршин суугаа эсэхэд суурилсан гэсэн хоёр төрөлтэй. Орлогод суурилсан тэтгэврийг тухайн шимтгэл төлсөн хүн эх орондоо буцсан байсан ч бид тухайн улс руу нь шилжүүлэн олгодог. Харин байнга оршин суугаа эсэхэд суурилсан тэтгэврийг шилжүүлдэггүй. Манай улс Европын Холбооны 30 улстай тэтгэвэр шилжүүлэх асуудлаар зохицуулалттай бөгөөд үүнээс гадна АНУ, Канад, Чили, Турк, Солонгос, Энэтхэг, Филиппин зэрэг 15 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан бөгөөд Япон, Бразил зэрэг улстай хэлэлцээр байгуулсан ч хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа. Манай хэлэлцээрүүд ерөнхийдөө тэтгэврийн асуудлыг хамардаг бөгөөд цөөн тохиолдолд ажлын байрны ослын асуудлыг хамаардаг” гэсэн тайлбарыг өгсөн.

Талууд хоёр улсын нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын тогтолцооны талаар харилцан ярилцаад Монгол Улсаас албан ёсоор тавьж буй саналыг судалж, дэмжиж ажиллахаа Шведийн тал илэрхийллээ хэмээн ХНХЯ-ны албан ёсны Веб сайтад нийтлэгджээ.