ХАХНХ-н салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран Монгол улсын нийгмийн хамгааллын салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-ноос 14-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн Даатгалын Ерөнхий Газар, Нийгмийн Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний Төв, аймаг, нийслэл, дүүргийн халамж, нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүд зэрэг нийт 30 гаруй хүн хамрагдсан.
Сургалтын гол зорилго нь мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хэрхэн хамгаалах, эрсдэл учрахад хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг, мэдээлэл олгоход чиглэгдсэн. Сургалтаар Монгол улсын нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиг хандлага-шилдэг туршлага, мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд, сүлжээний аюулгүй байдал, хортой код ба мэдээллийн аюулгүй байдлын зөрчлүүд зэрэг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцсэн, ач холбогдолтой, хэрэгцээт сэдвүүдээр гадаад, дотоодын багш, мэргэжилтнүүд холбогдох сургалт явууллаа.
Манай байгууллагаас Дэд дарга Т.Мөнх-Очир, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Түвшинжаргал, Мэдээллийн технологи, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцлоо.