Мэдээллийн технологийн олон улсын тэмцээнд оролцлоо
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцсон баг БНХАУ-ын Jiangsu мужийн Yangzhou хотод болсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогддог Мэдээллийн технологийн энэ жилийн “Global it challenge for youth with disabilities 2016” тэмцээнд энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцоод ирлээ.
Уг арга хэмжээнд Бангладеш, Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Шри Ланка, Энэтхэгийн тус бүр 1, Тайландын 2, Өмнөд Солонгосын 4, БНХАУ-ын 8, нийтдээ 27 баг тамирчид, түүнчлэн мэдээллийн технологийн багш нар, шинжээчид, тусгайлан уригдсан зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн болон сайн дурын ажилтнуудаас бүрдсэн нийт 16 орны 270 хүн оролцсоноос 108 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд байв.
Тэмцээн “MS-Power Point программууд дээр ажиллах”, “Хайлтын сангаас мэдээлэл хайх”, “Зурагт хуудастай ажиллан зохиомжлох”, “Үлгэр болон тоглоом зохиох программтай ажиллах” гэсэн 4 төрлөөр, ганцаарчилсан болон багийн хэлбэрээр явагдсанаас манай багийнхны хийсэн тоглоом үзэгчдийн хүсэлтээр багийн төрөлд “Шилдгийн шилдэг”-ээр шалгарч ивээн тэтгэгч байгууллагын шагналыг авчээ.
Түүнчлэн “Зурагт хуудастай ажиллан зохиомжлох” төрлөөр манай багийнхны хийсэн бүтээл уг тэмцээний үзэсгэлэнд тавигдсан байна.
Тэмцээний үеэр мөн Соёлын солилцоо хөтөлбөр, Мэдээллийн технологийн форум зохион байгуулагдаж, форумд оролцогчид “Мэдээллийн технологийн хүртээмжийн өнөөгийн байдал, засгийн газрын бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, “Инчеоны стратегийн хэрэгжилтийн байдал, олон улсын мэдээллийн индекс” зэрэг сэдвээр тайлан тавьсан байна.