“Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж
Үндэслэл:
НҮБ-ын 61-р Ерөнхий Ассамблейгаас батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д Монгол Улс 2009 оны 5 дугаар сарын 13-нд нэгдэн орсныг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 281 тоот тогтоолоор тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд дунджаар 130 сая шинэ иргэн мэндэлснээс 7.6 сая нь хөгжлийн бэрхшээлтэй төрж, үүнээс 3.2 сая нярай нас барж, 3.6 сая нярай насан туршдаа хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй болж байна. Монгол улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 103.630 иргэн бүртгэгдсэнээс 0-14 насны 8835 хүүхэд байгаа юм.
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь тухайн бэрхшээлийн хүндрэлийг багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг. 0-3 насанд хүүхдийн тархины 90 хувь нь хөгждөг бөгөөд энэ насанд эрт илрүүлж, оношилж чадвал хүүхдэд үзүүлэх бүх талын дэмжлэг болон арга хэмжээ, тусгай хөтөлбөрүүд өндөр үр дүнтэй байдаг.
Зорилго:
Бага насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, мэдээлэл, зөвлөгөө өгөхөд оршино.
Уриалга: ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ-ЭЕРЭГ АМЬДРАЛЫН ҮНДЭС
Зорилт:
- Нийслэлийн хүн амын шилжин суурьшилт ихтэй дүүргүүдийн алслагдсан хороонд байрлах цэцэрлэгүүдийг сонгон бага насны хүүхдүүдийг хараа, сонсголын үзлэг, оношилгоонд хамруулах;
- Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл, зөвлөгөө хүргэх;
- Нийгэм, олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлага төлөвшүүлэх зорилгоор Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран “Бид өөрчлөгчид” Flash mob бүжгийг зохион байгуулах;
Зохион байгуулагч:
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв
Хугацаа:
2018 оны 05 сарын 07-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулах
Хамрах хүрээ: Улсын хэмжээнд
Хүрэх үр дүн:
- Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт үед нь ялангуяа бага насанд нь илрүүлснээр бэрхшээлийг 30 хувиар бууруулна.
- Хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэлт, оролцооны талаарх мэдээллийг түгээж, урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.
- Нийгэм, олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлага төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэж, бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн, үр дүнтэй оролцох боломжийг нэмэгдүүлнэ.
СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ