“Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр-5 сарын 13”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д Монгол улс 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэгдэн орсон өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 281 тоот тогтоолоор тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд дунджаар 130 сая хүүхэд мэндэлснээс 7.6 сая нь хөгжлийн бэрхшээлтэй төрж, үүнээс 3.2 сая нярай нас барж, 3.6 сая нярай насан туршдаа хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй болж байна. Монгол улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 103.630 иргэн бүртгэгдсэнээс 0-14 насны 8835 хүүхэд байгаа юм.
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь тухайн бэрхшээлийн хүндрэлийг багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины 90 хувь нь хөгждөг бөгөөд энэ насанд эрт илрүүлж, оношилж чадвал хүүхдэд үзүүлэх бүх талын дэмжлэг болон арга хэмжээ, тусгай хөтөлбөрүүд өндөр үр дүнтэй байдаг.
Тус өдрийг тохиолдуулан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан “Швейцар-Монголын хүүхдийн төсөл”-ийн эмч нартай хамтран 2018 оны 5 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Нийслэлийн хүн амын шилжин суурьшилт ихтэй дүүргүүдийн алслагдсан хороонд байрлах цэцэрлэгүүдийг сонгон бага насны 350 хүүхдийг хараа, сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулсан.
Мөн Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны санаачилгаар, хамтран 2018 оны 5-р сарын 13-ны өдөр МУБИС-ийн сайн дурын клубийн нийт 100 оюутан, залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтдаа бүжиглэж “…бүх хүмүүс хамтдаа нийгмийн бүхий л үйл ажиллагаанд оролцож, хамтдаа нийгмийг өөрчилнө..” гэсэн утга санааг илэрхийлж, нийгэм олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлагыг түгээн төлөвшүүлэх зорилгоор “Бид өөрчлөгчид” уриатай флаш мобыг тус тус амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ТББ-ууд, тэдгээрийн гишүүд үйл ажиллагаагаа идэвхтэй сурталчлан оролцлоо. Үүнд:
- Гар урлалын бүтээлийн үзэсгэлэн
- Бидэнтэй танилцаарай ТББ-уудын танилцуулга хэвлэмэл материал
- Зураг зуръя хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлангийн булан
- Нүүрэн дээрээ зуръя булан тус тус ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадвар, давуу талыг олон нийтэд сурталчлав.
Энэхүү арга хэмжээ нь цаашид Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул аймгуудад зохион байгуулагдах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг таниулах нөлөөллийн ажлын эхлэл болж байгаагаараа онцлог байлаа.