“Хамтдаа хайрлая-2018”
admin    

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 09-р сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн 05-р capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан.

ОУ-ын Гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэж байна.

Тус өдрийг тохиолдуулан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор 2018 оны 05-р сарын 15-ны өдөр “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өнгөрсөн жил бид нийгэмд болон бусдад сайн үлгэр жишээ болж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 5 гэр бүлийг алдаршуулж, урамшуулсан бол энэ жил ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж буй нийслэлийн шилдэг 6 гэр бүлийг түүхийн дурсгалт газраар аялуулж, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлсэн тэмцээн уралдаан, чөлөөт арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлүүдийн харилцаа холбоог сайжруулах, сэтгэл санааны болон эрүүл амьдралын дадал эзэмшүүлэх, амьдралын сайн туршлагаасаа бусадтай хуваалцах, үлгэрлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн чухал, ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж өнгөрсөн юм.