“Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи”
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” улсын уралдааныг 2 дахь удаагаа 2018 оны 05-р сарын 18-ны өдөр МТҮП-д амжилттай зохион байгууллаа.
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын мэдээлэл, технологийн сорилт” уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг олон улсын уралдаанд манай улс сүүлийн 6 жил амжилттай оролцож ирсэн ба 2017 оноос тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах зорилгоор үндэсний хэмжээнд “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн.
2017 оны “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” анхдугаар уралдаанд оролцогсдоос Хэнтий аймгийн Г.Цолмон-Од, СЗСҮТ-ийн суралцагч Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, 116-р тусгай сургуулийн сурагч А.Лхамсүрэн нар шалгарч 2017 оны 09-р сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцож, тэмцээний 2 төрөлд I, II байр, багаараа тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.
“GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй тамирчид оролцсон ба Хэнтий аймгаас ирж оролцсон Г.Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-д тэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртсэн нь Монгол залууст боломж, чадвар, нөөц байгааг харуулж цааш цаашид уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, хот хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг дэмжин ажиллаж, тэдэнд боломжийг бий болгох хэрэгтэйг харуулсан юм.
2018 оны улсын уралдааныг Нийслэлийн засаг даргын нэрэмжит болгон зарласан нь уг тэмцээний нэр хүнд, цар хүрээг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба энэ удаагийн тэмцээнийг НЗДТГ, НХГБХГ дэмжин хамтран зохион байгуулж байгаад хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд залуус, тэдний эцэг эх талархаж байна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй хараа, сонсгол, хөдөлгөөн, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны 40 хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм. Энэ жилийн уралдаанд аймгуудын оролцоо өндөр байсан ба Архангай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий зэрэг 12 аймгаас 17 хүүхэд оролцов. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргээс тус бүр нэг нэг хүүхэд, тусгай хэрэгцээт боловсролын сургуулиудаас нийт 14 хүүхэд, СЗСҮТ-ийн МБУЧОС-аас 6 хүүхэд нийт 40 хүүхэд амжилттай оролцож харааны төрөлд 116-р тусгай сургуулийн сурагч А.Лхамсүрэн 1-р байранд шалгарч БНЭУ явах эрхийн бичиг, алтан медаль, өргөмжлөл, сонсголын бэрхшээлийн төрөлд МБУЧОС-ийн суралцагч Т.Төгсжаргал шалгарсан ба түүний хувьд өнгөрсөн жилийн ОУТ-д оролцож байсан тул алтан медаль, өргөмжлөл, харин 2-р байранд орсон Дорнод аймгийн Д.Цэнгүүн-д ОУ-ын тэмцээнд оролцох эрхийн бичиг, бусад төрөлд Хэнтий аймгийн Г.Цолмон-Од, МБУЧОС-ийн Б.Отгон-эрдэнэ нар шалгарсан ба мөн өнгөрсөн онд ОУТ-д оролцож байсан тул тус тус алтан медаль, өргөмжлөл, удаах байруудад шалгарсан МБУЧОС-ийн Э.Уугантөр, Э.Мягмарсүрэн нарыг 2018 оны 11-р сарын 08-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг улсад болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрхээр тус тус шагналаа.
Энэ жилийн уралдааны хувьд тэмцээнд оролцож буй тамирчдын эцэг эхчүүдэд “Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг давхар зохион байгуулсан нь үр өгөөжтэй байж, олон эцэг эхчүүдэд ХБ-ийн талаар мэдээ мэдээлэл хүргэж, тэдний хандлагыг өөрчилж чадсан юм. Мөн шалгалтын дүн гарч байх хугацаанд нийт оролцсон хүүхэд залуус, тэдний эцэг эх асран хамгаалагчид Өргөө кинотеатрт үнэ төлбөргүй уран сайхны кино үзүүлсэн нь уралдааныг илүү шинэлэг, дурсамжтай болгосон юм.