Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль ээлжит төгсөлтөө хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох Засгийн газрын зорилтын хүрээнд СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэн ажил хөдөлмөрт сурган төгсгөж байна.
2017-2018 оны хичээлийн жилд харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэл, иргэний барилга байгууламж, үйлчилгээ, гар урлаач, дизайнч, хөнгөн үйлдвэрлэл гэсэн салбар чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Тогооч, Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Гар утас, телефон аппаратын засварчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Модон эдлэлийн мужаан, Хэвлэлийн график дизайнч мэргэжлээр сургаж, боловсрол олгож байна.
Тус сургууль нь нэг ангидаа 12 хүртэлх тооны хүнийг элсүүлэн мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг. Сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь дунджаар 65%-72% байна.
Нийт суралцагчдын 80-иас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, үлдэх 20 хүртэлх хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй бус иргэдийг хамруулан сургах чиглэл баримтлан ажиллаж байна.
Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын мэргэжлийн сургуулиудтай хамтын ажиллагаа шинээр тогтоох, өргөжүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлдэг. Сүүлийн жилд ОХУ, БНСУ-ын сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
МБУЧОС нь 2017-2018 оны хичээлийн жилд 116 суралцагчийг 7 мэргэжлээр 10 ангид элсүүлэн сургаснаас 1 жилийн сургалттай дараах 5 ангийн нийт 41 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч төгсөж өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна. Төгсөлт хийж байгаа мэргэжлийн ангиуд:
- Тогооч,
- Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан,
- Бэлэг дурсгалын зүйл урлаач,
- Гар утас, телефон аппаратын засварчин,
- Модон эдлэлийн мужаан.