“Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж”
admin    

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж” 7 бүлэг номыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагуудтай хамтран Англи хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын талаарх туршлага, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиас шигтгэн дахин хянан тохиолдуулан хэвлэж, тус номын танилцуулах сургалтыг төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, мэргэжилтнүүдэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх болон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2017 оны 02-р сарын 21-ны өдрийн 10:00 цагт Чингис зочид буудлын 3-р давхрын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Сургалтад УИХ-ын Байнгын хороо, Засгийн газрын 13-н яам, 7-н агентлаг, болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, СЗСҮТ-н удирдлага, албан хаагчид  нийт 70 хүн оролцоно.

Уг сургалтын зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн  /Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх/  22 дугаар зүйлийн 22.1.-22.1.5- дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд ХБ иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог жигд, хүртээмжтэй болгох, бүх салбарын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлж, сайжруулахад оршино.

Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн хүн нийт хүн амын 15% нь хөгжлийн бэрхшээлтэй ба ихэнх нь хөгжил буурай оронд ядуу нөхцөлд амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь дэлхийн хамгийн эмзэг, хамгийн бага эрх мэдэлжсэн бүлэг хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь  эрүүл мэнд, боловсрол ба амьжиргааг дээшлүүлэх салбаруудын тусламж үйлчилгээг хүртэх ашиглах боломж нь хязгаарлагдмал ба үргэлж ялгаварлан гадуурхагдаж байдаг байна.

ХОТСЗ хандлагыг анх 1978 онд ДЭМБ Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн талаарх олон улсын бага хурал дээр санаачилсан бөгөөд улмаар энэ нь Алма –Атагийн тунхаглал болон гарсан юм. ХОТСЗ хандлагыг хөгжиж буй орны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах стратеги гэж үздэг байсан хэдий ч сүүлийн 30 гаруй жилд түүний цар хүрээ нь өргөн болсон.

Одоогоор 90 гаруй орон ХОТСЗ хандлагыг хэрэгжүүлж байгаа ба манай улсад 1991 оноос эхлэн АЙФО Италийн төрийн бус байгууллага ХОТСЗ хандлагыг танилцуулж эхэлсэн байна.

Энэхүү сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжлийг дэмжих зорилгоор “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх” бодлогын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээний эхлэл юм.