
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засах эмнэлэг нь анх 1955 онд ясны сүрьеэгийн больницын дэргэд байгуулагдсан протез ортопедийн цехээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай туслах хэрэгслийг сонгон тохируулж, хэрэглэж заншуулах чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байлаа. Улмаар эмчилгээний нэр төрөл, боловсон хүчний хувьд чадваржсаар 2000 оноос эхлэн 15 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг нээн ажиллуулж, 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдэн улсын хэмжээнд сэргээн засах төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий дэвшилтэт техник, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан эмнэлэг болтлоо өргөжин хөгжсөн.
Сэргээн засах эмнэлгийн бүрэлдэхүүн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 сарын 06-ны өдрийн А/56 тоот тушаалаар Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нэртэйгээр 2012-2016 онд үйл ажиллагаа явагдсан.
2015 онд Төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах төрөлжсөн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх хэвтүүлэн эмчлэх 29 орыг ЭМС-ын 2015 оны 250 тоот тушаалаар хэвтүүлэн эмчлэх 45, өдрийн эмчилгээний 10 ор, нийт 55 ортой болж өргөжсөн.
2015-2016 онд хэвтүүлэн эмчлэх 45 ортойгоор стационар, амбулаториор үзүүлсэн.
Сэргээн засалтын эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсын хэмжээнд нас, харьяалал харгалзахгүй хүлээн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо, клиник лаборатори, багажит оношлогоонд хамруулан хөдөлмөр засал, хэл засал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, дулаан эмчилгээний кабинетүүдээр өвчинэмгэг, гэмтэл, согогийн улмаас үүссэн бие эрхтний эмгэг өөрчлөлтийг сэргээн засах, хөдөлгөөн, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай туслах хэрэгсэл, хиймэл эрхтэнийг тохируулан зөвлөх, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг 45 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулаториор хүргэж жилдээ 5500 үйлчлүүлэгчдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны сэргээн засалтын тусламж үйлчилгээг хүргэж байна.
Төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь манай сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл яриа засалч, сэтгэл зүйч, протезист, ортопедист, нийгмийн ажилтангууд хамтран баг болон ажиллаж, тухайн иргэний өвөрмөц нөхцөл байдал, өвчний онцлогт тохируулан эмчилгээний төлөвлөгөө гарган гэр бүл, хамт олныг хамруулан сэргээн засалтыг цогц байдлаар хийж гүйцэтгэдэг.
Тус төвд ихэвчлэн цусны эргэлтийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, яс булчин, холбох нэхдэсийн өвчин, гэмтэл, бэртэлийн үлдэц, төрөлхийн гажиг, согог зэрэг оношийн бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээнд хамруулж байна.