2019 оныг “иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа
admin    

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.
2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
“Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.
Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд

Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ
Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах
Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох
Үр дүнд суурилсан удирдлага
Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.
Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.
Төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтооно.
Төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлнэ.
Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна.