Бага ангийн сурагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн сургалт зохион байгууллаа
admin    

Бага насны хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх замаар ялгаварлан гадуурхалтыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад нөлөөлөх зорилгоор ЕБ-ын 2 дугаар дунд сургуулийн 5 дугаар ангийн нийт 85 сурагчдад “Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог”, “Харилцаа хандлага”, “Хамруулан хөгжүүлэх нь” гэсэн сэдвүүдээр ойлголт, мэдээлэл өгөх нөлөөллийн сургалтыг 2018 оны 03 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан сурагчдаас хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн бэ? хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? Гэж асуухад сурагчдын 70 орчим хувь нь сэтгэлийн дарамттай байгаа хүн, нуруу нугасны гэмтэлтэй хүн, тэргэнцэртэй хүн, өвчтэй хүн, сэтгэлээр унаад гутранги үзэлтэй болсон хүн гэх мэтчилэн хариултуудыг өгч байсан бол сургалтын дараа хөгжлийн бэрхшээл нь өвчин биш, хөгжлийн бэрхшээл нь нийгмийн саад бэрхшээлээс үүсэж байгааг ойлгосон тухайгаа бидэнд илэрхийлсэн юм.

Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн зөвөөр ойлгуулж тайлбарлах, эерэг хандлагыг төлөвшүүлэх, түүнчлэн хүртээмжтэй орчин гэж юу болох талаар тайлбарлаж өгснөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургахад, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход, эрхийг нь хангах, хамгаалах, оролцоог нь дэмжихэд чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.