Admin    

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь үндэсний хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах, мэргэжил боловсрол олгох, нийгэм хамт олонд нөлөөлөх, хандлагыг эерэгжүүлэх, урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг гадаадын олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Сүүлийн статистик мэдээгээр Монгол улсад 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдарч байна. Тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад байгууллагын үндсэн зорилго оршино.

Манай байгууллага 1966 онд анх үндэс сууриа тавьж 10 хүрэхгүй ажилтантай эхэлж байсан бол өнөөдөр 7 хэлтэс, нэгж, 100 гаруй ажилтан, албан хаагчтайгаар Монгол улсын хууль болон олон улсын хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлуудын нэг болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдрах боломж нөхцлийг бүрэн хангасан орчин, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, хамт олны хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг сайжруулахад илүү олон, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлэх нь чухал байна.