“Дохионы хэлэнд хүн бүрийг оролцуулъя”
admin    

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан байдаг.

Сонсголгүй иргэдийн дэлхийн холбоо/СИДХ/-ны санаачлагаар Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног/СИОУДХ/-ийг анх удаагаа Итали улсын Ром хотноо 1958 онд тэмдэглэжээ. СИДХ-ны анхны Конгресс есдүгээр сарын сүүлийн долоо хоногт чуулсан ба энэ үед СИОУДХ-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү долоо хоногийг олон улсын сонсголгүй иргэд жил бүр тэмдэглэдэг болсон бөгөөд жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг.

2017 оны 12 дугаар сард НҮБ жил бүрийн 09 дүгээр сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгохоор албан ёсоор батлан зарласан билээ.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоотой хамтран Олон улсын дохионы хэлний өдрийг Сонсголгүй иргэдийн дэлхийн холбооноос зарласан “Дохионы хэлэнд хүн бүрийг оролцуулъя” уриатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгууллаа.

“Дохионы хэлэнд хүн бүрийг оролцуулъя” уриа нь хүний эрхийн үндсэн зарчим дээр тулгуурласан.

Өдөрлөгөөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн Зургийн багш Л.Дашдэндэв сурагчдын уран бүтээлээр үзэсгэлэн гаргасан бол Сонсголын бэрхшээлтэй ахмадын зөвлөл идэвхтэй оролцсон юм.

СИОУДХ-т сонсголгүй иргэдийн эрхийг дэмжихийн зэрэгцээ мөн жил бүр хүний эрхтэй холбоотой чухал сэдвийг онцлон сонгож уриа болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тухайлбал:

2009 онд Сонсголгүй иргэдийн соёлын ололт амжилт,

2010 онд Сонсголгүй иргэдийн боловсрол

2011 онд Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж

2012 онд Бичиг дохионы хосолсон хэл бол хүний эрх

2013 онд Сонсголгүй хүмүүсийн тэгш эрхийн төлөө

2014 онд Хүмүүсийн олон талт байдлыг бэхжүүлье

2015 онд Дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна

2016 онд Дохионы хэл миний тэгш эрхийг хангана

2017 онд Дохионы хэлтэйгээр нийгэмд тэгш хамруулан оролцуулъя.