МБУЧОС-ийн 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
admin    

Энэ өдрүүдэд эх орны минь өнцөг булан бүрт мөнгөн хонх жингэнэж, 2018-2019 оны шинэ хичээлийн жил эхэлж байна.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь 43 жилийн баялаг их түүхтэй сургууль юм. Сургуулийн 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа 09 дүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цагт төрийн дууллаа эгшиглүүлэн эхэллээ. Нээлтэд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Мэргэжлийн боловсрол сургалтын газрын ахлах мэргэжилтэн н.Адилбиш, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг, СЗСҮТ-ийн Дэд дарга Х.Энх-Оргил болон бусад удирдлага, холбогдох албаны хүмүүс, эцэг эх, оюутан залуус оролцлоо.

Нээлтийн ёслолын ажиллагааг СЗСҮТ-ийн Дэд дарга Х.Энх-Оргил, МБУЧОС-ийн Эрхлэгч Б.Алтмаа нар оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн их амжилт хүсэн үг хэлж нээлээ. Мөн уригдан ирсэн залуу дуучин Б.Өлзий, морин хуурч Г.Бөхтөр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ хичээлийн жил тус сургуульд 15-45 насны 50 гаруй иргэд дараах үндсэн 8 мэргэжлийн ангиудад элсэн орж байна. Үүнд:

1 жилийн хугацаатай суралцах
-Бэлэг дурсгалын зүйл урлаач
-Гар утас, телефон аппаратын засварчин
-Модон эдлэлийн мужаан
-Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан
-Тогооч
-Кеттельчин
2,5 жилийн хугацаатай суралцах
-Сийлбэрчин
-Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан зэрэг болно.

2018 онд тус сургуулийг нийт 43 оюутан залуус 5 мэргэжлээр боловсрол эзэмшин төгссөн бөгөөд төгсөгчдийг Улаанбаатар хотын 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аж, ахуй нэгж, албан байгууллагуудад холбон зуучилж ажилласан. Үүний үр дүнд тус сургуулийн нийт төгсөгчдийн 60-70 орчим хувь нь ажлын байраар хангагдан хөдөлмөр эрхэлж байна.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад жирийн өрхийн 18 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй бол хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн 4.0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй зэрэг судалгааны дүн байдаг.

Иймээс дээрх мэдээллийг нийгэм олон нийтэд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэхэд Хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, дэмжлэг нэн чухал буйг онцолъё.

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь эдгээр мэргэжлийн ангиудаас гадна бусад түр сургалтаараа дахин элсэлт авч сургахаар төлөвлөн ажиллаж байна.