Хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институттэй 2007 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, “Эгч дүүсийн” харилцаатай явж ирлээ.
2018 онд тохиож буй хоёр талын хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд туршлага судлах сургалт, аялал, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
Мөн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалтын арга зүйг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэргэшүүлэх, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх, олон улсын туршлага судлах зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагаараа ач холбогдолтой.
СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн багш, суралцагсад 2018 оны 04 дүгээр сард БНСУ-д очин туршлага судлан зочилсон бол Солонгосын мэргэжилтэн, багш нарын Монгол улс дах айлчлал, сургалт аялал нь 2018 оны 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг айлчлалын хүрээнд БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агентлагийн дэд дарга Ким Жин Вүүк /Kim Jin Mook/, Улсан хот дахь тус агентлагийн дэд дарга Рю Жэи Күн /Ryu Jae Keun/, болон Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн Компьютерын ангийн багш Шин Гүү Саб /Shin Goo Sub/ нар хүрэлцэн ирж Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжиж буй төрийн бодлого, хөтөлбөрүүд болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуучуудын мэргэжлийн боловсролын систем, үйл ажиллагаатай танилцлаа.