Хүсэл тэмүүлэл байвал бид бүгдийг чадна
Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Намайг Мижиддоржийн Түдэв гэдэг. Би одоо 19 настай. Өвөр хангай аймгийн Тарагт суманд төрсөн. Өвөрхангайн арван жилийн нэгдүгээр сургуулийн 1-р ангид 6 сар орчим сураад сургуулиасаа гарсан.
Яагаад сургуулиасаа гарсан юм?
Би төрөхдөө буруу байрлалтай байсан юм билээ. Төрөхийн эмч нар намайг төрөхөд өвдөгнөөс буруу татаж түнхийг маань мулталснаас болоод тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон юм. Тэргэнцэр дээр суудаг байсан болохоор намайг сургуульд байнга зөөгөөд байх хүн байгаагүй. Тэгээд л сургуулиасаа гарсан даа. Удалгүй манайх хот руу шилжээд манай гэрт ойрхон Албан бус сургалтанд 5-р анги хүртлээ сурсан. Дараа нь 6-р ангиасаа 27-р сургуульд шилжиж сурч байгаад бас л зөөх хүнгүй болж сургуулиасаа гарахаас өөр аргагүй болсон.
СЗХҮТ-ийн сургалтын талаар хаанаас мэдээлэл авсан бэ?
Манай ээжийн танил нь хэлсэн. Хүүхэд нь бас хөгжлийн бэрхшээлтэй болохоор энд сурч байсан юм билээ. Тэгээд энд ирж сурсан.
Сургуульдаа ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?
Үнэхээр сайхан байсан. Миний мэдэх ихэнх газрын шатанд тэргэнцэртэй хүний зам байдаггүй. Гэтэл энд цахилгаан шатнаас нь эхлүүлээд бүх зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандартын дагуу байсан нь үнэхээр гоё санагдсан. Бас манай хичээл их сонирхолтой. Багш нар маань олон жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилласан хүмүүс учир хүүхэд нэг бүрийнхээ хөгжлийн бэрхшээл болон онцлогт нь тохируулж хичээлээ заадаг.
Оюутны 70,000 аа авч байна уу? Бусад сургууль энэ мөнгийг өгөхдөө дүнгийн голч харж өгдөг болсон танай сургууль яаж байна?
Манай сургууль дүнгийн голч хардагггүй ээ. Энд сурч байгаа 24 хүртэл насны оюутан бүр л 70,000 төгрөг сар бүр авч байгаа.
Танайх хотод шилжиж ирсэн гэж чи ярьсан. Гэтэл яагаад оюутны байранд сууж байгаа юм бэ? Байрныхаа талаар манай уншигчдад танилцуулаач?
Миний хувьд гэр маань хотын зах Улиастайд байдаг. Тэр хол газраас хичээлдээ байнга тэргэнцэртэй ирээд байж чадахгүй болохоор оюутны байранд орсон. Тэгээд ч оюутны байранд суухад биднээс нэмэлт төлбөр авдаггүйгээс гадна цаанаасаа хоолтой байдаг болохоор их амар байдаг юм.
Нутаг нутгаас ирсэн 5 найзтайгаа нэг ам бүл болоод амьдарч байна даа. Манай байр плат болгон нь дотроо хөгжлийн бэрхшээлтэй бидэнд зориулсан 00, душтэй цэвэрхэн тохилог гээд яриад байвал олон юм бий.
Хоёулаа сургуулийн чинь талаар ахин ярья. Чи яагаад заавал Вэб техникчийн ангийг сонгосон бэ?
Би багаасаа гэртээ байхдаа үргэлж компьютерээ л ухаж суудаг байсан болохоор надад арай дөхөм санагдсан. Тиймээс би энэ ангийг сонгож орсон. Одоо 2 дахь жилдээ сурч байна. Энэ хавар төгсөнө дөө.
Чухал үе хаяанд тулж ирэх нь ээ… Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
Сургуулиа төгсөөд найзуудтайгаа нийлж жижигхэн компьютерийн үйлчилгээний төв нээе гэж бодож байгаа. Энэ газрын маань үйлчилгээний онцлог нь манай сургуулийн сургалтын онцлогийг харуулсан байна гэж бодож байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр? Бид хэвлэл дизайн, вэбийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах ч хажуудаа интернэт кафе, компьютер засвартай цогц үйлчилгээний төв нээнэ гэж бодож байгаа.
Сайхан санаа байна. Амжилт хүсье. Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход гадуур явах хэрэг их гардаг байх. Тулгамдаж байгаа асуудал юу байна?
Баярлалаа… Гадуур ажил хөөцөлдөж явахад бэрхшээл үнэхээр их байдаг. Гэхдээ би 4 найзтайгаа хамт явдаг болохоор тэд нар маань надад тусалдаг. Ороод хүмүүстэй ярилцахад тэд нар маань хэл ярианы бэрхшээлтэй болохоор би хэл нь болоод нэг нэгнийгээ нөхөөд болоод л байгаа. Ганцаараа явахад албан байгууллагуудын шат л их хүндрэлтэй байдаг.
Гэртээ суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний ар гэрийхэнд хандаж юу гэж хэлмээр байна?
Би энэ сургуульд сурснаар амьдралыг өөр нүдээр хардаг болсон. Гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй үе тэнгийхэн маань ч гэсэн миний харж байгаа энэ сайхныг харж хүсэл мөрөөдөлтэй бас хөгжилтэй амьдраасай гэж хүсч байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй л болохоос бусадтай адилхан хүсэлтэй гэдгийг эцэг эхчүүд нь ойлгож хүүхдүүдээ манай сургуульд оруулаасай. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өдөр бүр өөрсдөө зөөгөөд байх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байдаг. Гэхдээ манай сургуульд орчих л юм бол бүх юм нь нэг дороо бэлэн байна шүү дээ. Тэр битгий хэл бие өвдөхөд хүртэл манайх хажуудаа эмнэлэгтэй болохоор эмчдээ үзүүлээд тохирсон эмчилгээг нь хийлгэдэг. Тэгэхээр ар гэрийхэнд ч санаа зовох зүйлгүй байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь халхавч хийгээд хүүхдээ нийгмээс битгий тусгаарлаарай гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсье.