ТАНИЛЦУУЛГА
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, протез, ортопедийн тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засалтын тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий Төрийн үйлчилгээний байгууллага юм.
Энэхүү чиг, үүргийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараах цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Протез, ортопедийн үйлдвэр
1966 онд Клиникийн нэгдсэн эмнэлгийн харьяа Протез, ортопедийн үйлчилгээ эрхэлсэн тасаг нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, хүртээмжтэй олон улсын стандартад нийцсэн протез, ортопедийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэн, ханган нийлүүлж жилдээ 1500 гаруй хүнд 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүлээлгэн өгч байна.
Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль
1976 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх байнгын курс нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө сургууль болтлоо өргөжин хөгжижээ. Тус сургууль нь улсын хэмжээнд харьяалал харгалзахгүй зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн харилцаа холбоо, иргэний барилга байгууламж, үйлчилгээ гар урлаач, дизайн хөнгөн үйлдвэрлэл гэсэн мэргэжлийн чиглэлүүдээр 2 жилийн сургалттай, нийт 9 мэргэжлийн ангид 150 гаруй хүүхдэд мэргэжлийн боловсрол олгож байна.
Сэргээн засах төв эмнэлэг
Сэргээн засалтын эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсын хэмжээнд нас, харьяалал харгалзахгүй хүлээн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо, клиник лаборатори, багажит оношлогоонд хамруулан хөдөлмөр засал, хэл засал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, дулаан эмчилгээний кабинетүүдээр өвчин эмгэг, гэмтэл, согогийн улмаас үүссэн бие эрхтний эмгэг өөрчлөлтийг сэргээн засах, хөдөлгөөн, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай туслах хэрэгсэл, хиймэл эрхтнийг тохируулан зөвлөх, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг 60 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулаториор хүргэж жилдээ 10мянга гаруй үйлчлүүлэгчдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны сэргээн засалтын тусламж үйлчилгээг хүргэж байна.
Монгол услын Засгийн газрын 2021 оны 164 дүгээр тогтоолоор тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор Архангай, Ховд, Хөвсгөл, Дорнод Дундговь, Дархан уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг шинээр байгуулж, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн орон нутаг дахь салбар төв байхаар шийдвэрлэсэнээр барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.
Мөн сэргээн засах эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хэвтэн эмчлүүлж буй ХБИ-тэй иргэдэд үйлчлэх зориулалттай шүдний иж бүрэн дижитал кабинет шинээр нээн ашиглалтад орууллаа. Уг шүдний эмнэлэг нь нийт ХНХЯ-ны харьяа төвүүдэд хэрэгжиж байгаа “Тайван Инээмсэглэл” төслийн гол цөм болон ажиллах юм.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, судалгаа шинжилгээнд үндэслэн 2021-2022 оны хичээлийн жилд шинээр дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн ангийг шинээр нээж, суралцагч элсүүлэн сургаж байна. Дэлхий нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн бүхий л үйлчилгээг ойртуулан хүртээмжтэй болгох, тэдний гэр бүл, нийгэм хамт олны оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй сэргээн засалтын тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай хүргэх, тэднийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах нь олон улсын чиг хандлага юм.