“Career Expo 2018” арга хэмжээ зохиогдлоо
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр “12-сарын 03”-ыг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас нэг сарын аяныг зарлаж, нийгэм-олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг эерэгээр өөрчлөх, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээнүүдийг 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.
Аяны хүрээнд ХБХХЕГазраас санаачлан Европын холбооны SECiM төслийн дэмжлэгтэйгээр “Career-Expo 2018” хөдөлмөр зуучлалын арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний гол зорилго нь хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, мэдээлэл солилцох, нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд зуучлах, байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадвар, онцлог хэрэгцээг олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
“Career-Expo 2018” хөдөлмөр зуучлалын арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Европын холбооны SECiM төсөл /Секим/, Нийслэлийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Говь ХК, Оюу толгой ХХК, Монгол Улсын Консерватор, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль, “Бид чадна” ТББ, Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи зэрэг байгууллагууд оролцсон байна.
Уг хөдөлмөр зуучлалын арга хэмжээд 21 ажил идэвхитэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгон танилцууллаа. Нөгөө талаас 50 гаруй ААНБ-ууд тус экспод оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулахаар асуулт асуух, ганцаарчилсан ажлын уулзалт, ярилцлага хийж хэрэгцээт ажилтнаа ажлын байраар хангах юм. Энэ үеэр “Бид чадна” ТББ-ын авьяаслаг залуу моделиуд Говь ХК-ий намар, өвлийн загваруудаас толилуулж, танхимд оролцогчид болон зочдын мэлмийг баясгалаа.
“Career Expo 2018” хөдөлмөр зуучлалын арга хэмжээг зохион байгуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж зөвлөгөө мэдээллээр хангагдах, ажил олгогч эзэд болон ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгтэй болох, хөгжлийн бэршээлтэй хүмүүсийн талаарх нийгэм, олон нийтийн харилцаа, хандлага эерэгээр өөрчлөгдөх, хөгжлийн бэрхшээлтэй, идэвхитэй ажил хайж буй иргэд байнгын ажлын байраар хангагдах боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.