“INCLUSION DAY” өдөрлөг
2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төв /СЗСҮТ/-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль /МБУЧОС/, Барилгын Политехник коллеж болон GIZ-ийн төслийн хамт олон хамтран “INCLUSION DAY” буюу Мэргэжлийн боловсролыг сурталчлан таниулах өдөрлөгийн арга хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй болон зарим ерөнхий боловсролын сургуулийн охидод зохион байгууллаа. Энэ өдөрлөгт МБУЧОС-ын хөгжлийн бэрхшээлтэй 20 оюутан, ЕБС-ийн 20 эмэгтэй сурагч оролцсон бөгөөд уг үйл ажиллагаа нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Өдөрлөгийн үеэр оюутан, сурагчид Барилгын өрлөгчин, Сантехникч, Цахилгаанчин, Мужаан, Бетон арматурчин зэрэг мэргэжлийн хичээлийн дадлагыг бодитоор өөрсдөө хийж үзсэн нь тэдэнд онцгой сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр хөөртэйгээр сэтгэлээ илэрхийлэн сурсан мэдсэнээ хоорондоо хуваалцаж, хамт олны эерэг таатай хандлага бий болж байсан. Дээрх техникийн мэргэжлүүдэд эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо бага байдаг ба эмэгтэйчүүд, ХБИ-дийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ арга хэмжээ зохих үр дүнгээ өгөх юм.
Ер нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох ээлтэй орчин, хүртээмжтэй байдал хомс байдаг нь тэдний сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх бололцоог хязгаарлаж байдаг сөрөг тал болдог. GIZ-ийн төслийн зүгээс энэ сөрөг талыг бууруулах, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч түншүүдийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байдагт СЗСҮТ-ийн зүгээс баяртай байдаг юм.
МБУЧОС-ийн зорилго нь ХБИ-ийг өөрийн хүссэн мэргэжлээ эзэмших боломжийг олгох, тэднийг бусдаас хараат бус биеэ даан амьдрахад тус дэм болох нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд оршиж байдаг.